[Powered By doke]

Япончууд галт тэргийг нисгэнэ

Японы Тохоку их сургуулийн эрдэмтэд өндөр хурдны галт тэргээ сэнс болоод далавчтай болгожээ. Энэ төсөл одоо туршилтын шатандаа яваа ч зохион бүтээгчид нь хот хоорондын төмөр замын тээврийн системийг «нисдэг» галт тэрэгтэй болгох бодолтой байна. Сэнч болоод далавчаар тоноглосон нисдэг галт тэрэг зам төмрөөсөө хөндий явах ажээ. Энэ тээврийн хэрэгсэл цагт 200 хүртэл километр хурд хийх чадвартай байна. Гэхдээ энэ нь Хятадын цагт 580 километр хурдалдаг «Maglev» галт тэргийг гүйцэхгүй юм.

Бас нэгэн мэдээ
Ирээдүйн хүн ямар байх вэ? 
Хүн төрөлхтний соёл иргэншил 400 мянга орчим жилийн өмнө үүссэн. Гэхдээ хүний биеийн хувьсал огт зогсоогүй. Өнөөдөр ч хүн өөрчлөгдөн хувьссаар байгаа бөгөөд ирээдүйд хүний бие галбир, төрх царай ямар байхыг судлаачид таамаглахыг оролдсоор байна. Энэ талаар Оросын эрдэмтэд саяхан “Шинжлэх ухааны кафе” хэмээх уулзалт зохион байгуулж, хэлэлцүүлгийн тайланг “Хими ба амьдрал” сэтгүүлд нийтэлжээ.

Ойролцоогоор 65 сая жилийн өмнө дэлхий дээр анх дөрвөн хөлт амьтан бий болсон гэдэг. Ийм амьтныг шинжлэх ухааны нэршлээр Primas буюу анхдагч гэнэ. Хүн, бич зэрэг оюун ухаант амьтдыг бусад амьтнаас ялгах нэр болсон энэ үг өдгөө бипедализм (хоёр хөлөөр явагч, босоо явагч гэсэн утгатай)-тай хоршин хүн дүрстнүүдийг бусдаас дээд, анхдагч төрлийнх гэдгийг онцгойлон илтгэх болж.

Босоо явагчид долоон сая жилийн тэртээ бий болжээ.Тэр үед хүний бие, толгойн аль аль нь бараг 100 хувь бич шинжтэй байсан ч эрдэмтэд чухам энэ үеэс л хүний хувьслын түүхийг тооцоолдог. Босоо явагчид үүнээс 2.5 сая жилийн дараа буюу одоогоос 4.5 сая жилийн өмнө хагас бич, хагас хүн гэмээр төрхтэй болжээ. Гэвч бидний дээд өвгийн тархи илүү хурдан сэтгэн бодож, өнөөгийн хүнтэй илүү ойр болтол дахин 1.5 сая жил улирсан байна.

Соно бялзуухай шатар тоглодоггүй Бипедализм анх яаж үүсэв гэдэг антропологач бүрийн сонирхлыг татдаг. Олонхи судлаачийн санал нийлдгээр дөрвөн хөлтнүүд урд мөч, их биеэрээ өндийж босоо явагч болсон нь орчин цагийн хүн төрөлхтний өлгий өнөөгийн Африкт долоо сая жилийн тэртээ цочир хүйтэрсэнтэй холбоотой гэнэ.

Дээр дурдсан “Шинжлэх ухааны кафе” уулзалтад Москвагийн улсын их сургуулийг төлөөлөн оролцсон тус сургуулийн Антропологийн биологи судлалын тэнхмийн ахлах зөвлөх Станислав Дробийшевскийн хэлснээр гэнэтийн их хүйтрэл ой хөвчийг тал нутаг болгож, зэрлэг амьтдаас нуугдах халхавч үгүй болсон тул хүний дээд өвөг өвс ургамал ихтэй, нөмөр газар эрэн нүүдэллэжээ. Зам зуураа аюулаас сэргийлж, байнга сэрэмжтэй байхын тулд газрын алсыг илүү сайн харах тул эрхгүй өндийж, босоо явдалтан болсон байна.

Энэ нь Энгельсийн тодорхойлсон хоол хүнсээ барих, багаж зэвсэг хийх зэрэг шаардлагатай хослон улам хөгжжээ. Босоо явагч болж, урд мөчийн хөгжил сайжирснаар идэш тэжээл ч өөрчлөгдөж, мах идэх болсон байна. Max тархины жинг нэмсэн гэдэг. Тархинд маш их энерги, тэжээллэг хоол хүнс шаардлагатай. Тиймдээ ч дунджаас том толгойтой хүний сэтгэн бодох чадвар хавьгүй сайн байдаг. Гэвч мах, ургамлын үндэс зэрэгт агуулагддаг уураг, нүүрс ус дангаараа хүнийг оюун ухаантай болгосон гэж үзэх нь өрөөсгөл юм. Зөвхөн тархины хэмжээгээр оюуны чадавхийг хэмжинэ гэдэг үнэнээс дэндүү хол. Бяцхан соно бялзуухайн тархи биеийнх нь 12-ны нэгтэй тэнцэхүйц жинтэй. Тэгэхээр биеийнх нь хэмжээ, жинтэй харьцуулахад соно бялзуухай дэлхий дээрх бүх амьтнаас хамгийн том тархитай амьтан гэсэн үг. Гэтэл антропологичдын онцолдгоор соно бялзуухай шатар тоглож, биет зүйл бүтээхээр ухаалаг биш билээ.

Үүнээс үүдэн хүнийг бүх амьтнаас оюун ухаанаараа ялгардаг болоход тархины өсөлт хөгжил, хоол хүнснээс гадна харилцаа холбоо, хөдөлмөрлөх чадвар хамгийн их нөлөөлжээ гэж судлаачид дүгнэсэн байна. Тэдний нэг ОХУ-ын Удамшил зүй судлалын ерөнхий хүрээлэнгийн ген судлалын тэнхмийн ахлах судлаач Светлана Боринскаяагийн тайлбарласнаар зэрлэг амьтад, байгалийн догшин үзэгдлийн өмнө ганцаараа байх нь аймшигтай байсан тул эртний хүн дүрстнүүд эрхгүй нэгдэн нийлж, аажмаар отоглон амьдарч эхэлсэн нь хүн хүн байхын үндэс болжээ.

Гагцхүү нийгэмшсэн ёс суртахуун, нэгнээ ойлгож, хайрлах чадвар л хүнийг бусад бич төрөлтнүүдээс ялгадаг гэж тэрбээр дээрх уулзалтад онцолсон байна. “Нэгнээсээ хамааралтай байх аж төрөхүйн хэмнэл, тогтолцоо нь хүнийг мэдрэмтгийгээс гадна бодож сэтгэдэг, санан дурсдаг болгосон нь орчин цагийн оюун ухаантнуудын тархины хөгжлийн эх байлаа” гэж С.Боринскаяа тэмдэглэжээ. Эдийн засгийн хурдасгуур Бипедализмын хувьслын 1.5 сая жилийн түүх тэгэхээр үнэн чанартаа хүн хэрхэн сэтгэл зүрхтэй болсон тухай түүх юм.

Мөн генийн салаалал хэрхэн Homo sapiens-ийг дэлхийгээр тархан суурьшуулсан тухай түүх. 200 мянган жилийн өмнө өнөөгийн төрхөө олсон гэгддэг орчин цагийн хүний генийн салаалал сонирхолтой бөгөөд тун тодорхой. Жишээ нь, Чингис хааны үр сад буюу удам зүй судлаачдын Чингизид хэмээн тодорхойлсон бүлэгт өдгөө 16 гаруй сая хүн хамрагддаг. Хачирхалтай нь, үүний ердөө найман хувь нь Чингис хааны төрөлх нутаг өнөөгийн Монгол Улсад аж төрдөг.

Өнөө ч үргэлжлэн буй энэхүү салааллыг антропологийн шинжлэх ухаанд бичил хувьсал буюу микроэволюц гэдэг аж. Москвагийн улсын их сургуулийн Антропологийн хүрээлэн музейн тэргүүн Елена Годинагийн хэлснээр хүний бичил хувьсгал сүүпийн 200 жилд эрчимтэй идэвхэжжээ. Өөрөөр хэлбэл, дээд өвгөөсөө үл тасравч эцэг эхээсээ илүү өндөр юм уу илүү бага насандаа бэлгийн хувьд бүрэн бойжих зэрэг шинж орчин цагийнханд ажиглагдах болсон байна.

Үүнийг зарим эрдэмтэн нарны идэвхжилтэй холбоотойгоор нарны цацраг өөрчлөгдсөнтэй холбон тайлбарладаг бол зарим нь эдийн засгийн хэрэглээ, тодруулбал хөнгөн цагааны хэрэглээ ихэссэнээр тайлбарлажээ. XX зууны эхэн хүртэл хөнгөн цагааны хэрэглээ дэлхийн хэмжээнд хязгаарлагдмал байсан ч гэр ахуйн олон хэрэглэлийг өвөрмөц шинж ихтэй энэхүү металлаар хийх болсноор орчин цагийнхны өсөлт хурдассан байх талтай гэнэ.

Хөнгөн цагаан зэрэг зарим металл яс, үе мөчинд химийн ямар ч бодисоос илүү нөлөөлдөг. Гэхдээ тун нь ихэдвэл үхэл дагуулах аймшигт өвчинд хүргэдэг байна. Тиймээс ч хөнгөн цагаанаар гэр ахуйн бүтээгдэхүүн хийх нь өдгөө багасаад буй.

Одой сэтгэгч 
Футурологич буюу ирээдүйг зөгнөгч эрдэмтдийн дунд ирээдүйн хүнийг аварга том болно гэж үздэг хүн олон. Тэд бичил хувьслын хурд болон материалист хэрэглээний өөрчлөлттэй холбон эл таамаглалаа зөвтгөдөг. Тэднийхээр 500-1000 жилийн дараа хүний биеийн өргөн бараг метр хүрч, өндөр нь дунджаар хоёр метр хүрэх гэнэ. Харин тархи томхон хушганы чинээ болж агших ч толгойн хэмжээнд гойд өөрчлөлт орохгүй аж.

Тархи агших нь хүний сэтгэн бодох чадвар муудна гэсэн үг биш. Ердөө мэдээлэл хүлээж авах, боловсруулах, өөрийгөө илэрхийлэх болон хариу үйлдэл үзүүлэх зэрэг тархины үндсэн үйл ажиллагаа илүү боловсронгуй, ээдрээ багатай болсноор тархи шахсан бяслагархуу болж хэмжээний хувьд жижгэрэх аж. Энэ нь биеийн хүчний ажил үгүй болж, яс нарийсахтай мөн холбоотой.

Илүү чадавхитай тархинд илүү цусан хангамж хэрэгтэй. Тиймээс ирээдүйн хүний зүрх, уушги ч томорно гэж эрдэмтэд таамаглажээ. Эдгээр нь үнэний ортой байж болох ч биеийн ерөнхий хэмжээ судлаачдыг талцуулсаар байна. Сэтгэн бодох чадвар сайжрахын хэрээр тархины хөгжлийн нөлөөгөөр толгойн хэмжээ томорно, том толгойтой хүүхэд төрүүлэхийн тулд эмэгтэй хүн дасан зохицохын хуулиар намхан, пагдгар биетэй болно гэж үздэг судлаачид бий.

Тэд тархи илүү боловсронгуй болбол хүнд том бие хэрэггүй гэж онцолдог бөгөөд ганц нэг хуруу, биеийн зарим хэсгийн үс, өвчлөмтгий зарим дотор эрхтэн зэрэг илүүц эрхтнүүд ч үгүй болохыг үгүйсгэдэггүй. Гэхдээ зарим бич дүрстний сүүлээ гээх явц хэдэн сая жил үргэлжилснийг санах хэрэгтэй.

Ирээдүйн хүн үлэмж биетэн биш одой сэтгэгч болно гэж үздэг эрдэмтэн судлаачид одоогоор тооны хувьд давамгайлж байна. Тэд хүнийг дөрвөн мөчдөө тус бүр гурван хуруутай, жижиг бие, том толгой, онигор нүдтэй болно гэж дүрсэлдэг. Гарын зургаан хуруу одоогийнхоос хавьгүй урт байх ба энэ нь товчлуур дарахад зохицсон гэнэ. Гэхдээ энэ гаж төрх олон хүний эмээдэг шиг байгаль орчны доройтол, дулаарал зэрэгтэй холбоогүй гэдэгт тэд бат итгэдэг.

Мэдээж орчны өөрчлөлт хувьсалд дасан зохицохын тулд үс үгүй болж, хамар, чих томорч, нүд жижгэрнэ гэх зэрэг өөрчлөлт байх ч биеийн ерөнхий бүтэц, хэлбэр өөрчлөгдөх нь гагцхүү амьдралын хэв маяг, оюун ухааны хөгжилтэй холбоотой гэдгийг судлаачид онцолжээ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх:

Энэ мэдээ танд таалагдаж байвал сэтгэгдэлээ бичээрэй.
Заавар: Та google-д бүртгэлгүй сэтгэгдэл бичиж болохгүй байвал Anonymous гэсэн сонголтыг сонгоод сэтгэгдэлээ бичих боломжтой шүү.

Өдөрт 1 дараарай...