Дэлхийн II дайны сүүлийн буун дуу 66 жилийн өмнө гарч байлаа. 1945 оны тавдугаар сарын 9-ний энэ өдөр нацизмыг дарсан агуу ялалтын баярын өдөр болгосон юм. Энэ өдрийг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев ням гарагт Москва хот дахь нэр нь үл мэдэгдэх дайчдын бунханд цэцэг өргөжээ. Александеровский цэцэрлэгт болсон уг арга хэмжээнд ОХУ-ын төрийн тэргүүнээс гадна тус улсын Ерөнхий сайд Владимир Путин, Оросын парламентын дарга болон албаны бусад хүн оролцсон байна. Түүнчлэн Эх орны аугаа дайнд оролцсон ахмад дайчдын төлөөлөл ч байлаа. Ингээд бүтэн өдөр үргэлжилсэн уг арга хэмжээний зургуудаас танилцана уу. Орос ах нарын цэргийн хүч , зэвсэг ч үнэхээр сүрдмээр байна шүү.
Ерөнхийлөгч Д. Медведев Александрын цэцэрлэгт орших Дайчин алдрын хотуудын дурсгалын чулуун хавтанд цэцэг өргөжээ. Уг хүндэтгэлийн хавтанг Их ялалтын 65 жилийн ойн өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулсан юм. Түүнээс гадна, Д. Медведев зарлиг гаргаж, Старый Оскол, Колпино, Анапа хотуудад "Дайчин алдрын хот" гэдэг хүндэт цол олгожээ.
Тэрбээр мөн Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд, Абхаз, Өмнөд Осет болон Гүржийн төрийн тэргүүн нар болон ард түмэнд Эх орны дайны ялалтын 66 жилийн ойн баярын мэнд хүргэжээ. Баярын өмнөх өдөр Ерөнхийлөгч Д. Медведев Зэвсэгт хүчний Төв музейд " Ялалтын туг" танхимыг нээж үг хэлсэн байна.
Аугаа их Эх орны дайнд оролцсон ахмад дайчдад Москва хотын төсвөөс 130 тэрбум рубль олгохоор шийдвэрлэсэн нь урьд оныхоос 15 тэрбумаар нэмэгджээ. Энэ тухай Москва хотын дарга Сергей Собянин өчигдөр мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ ахмад дайчдад тусламж үзүүлэх тусгай хөтөлбөр 2012-2016 оны хугацаанд хэрэгжих бөгөөд ингэснээр тэдэнд олгох хөнгөлөлтийн мөнгөн дүн 25 хувиар нэмэгдэнэ.
Ялалтын баярын албан ёсны арга хэмжээ Улаанбаатарын цагаар 14 цагт эхлэх юм.
Орос улс жил бүрийн тавдугаар сарын 9-нд нацист германчуудыг ялсаны баяраа тэмдэглэдэг бөгөөд энэ жил Дэлхийн II дайнд ялсаны 66 жилийн ой тохиож байгаа билээ. Улсынхаа цэргийн сүр хүчийг харуулдаг Ялалтын баярын сүр жагсаалыг зохион байгуулах бэлтгэл ажилд Орос улс 102 сая рубль буюу 3.7 сая доллар зарцуулсан гэж орон нутгийн хэвлэлээр мэдээлжээ.
Ялалтын баярын үеэр аюулгүй байдлыг хангахаар цагдаагийн 200 мянга, цэргийн 130 албан хаагч ажиллаж байна. Харин уг арга хэмжээг зочид, төлөөлөгчид нийлээд бараг 14 сая хүн үэж сонирхоно гэсэн тооцоо гарчээ. Үүнээс гадна Оросын том, жижиг 5300 гаруй хот, тосгон дүүрэгт цэргийн 100 сүрт жагсаал явуулах аж.
Москва хотын төв Улаан талбайд болох жагсаалын үеэр аюулгүй байдал хангахаар 20 мянган цагдаагийн офицер ажиллаж байгаа гэж зохион байгуулагчид мэдэгджээ. Түүнчлэн тус талбайд болох жагсаалд 20 мянган цэрэг болон Топол-М баллистик пуужин, Эс-400 агаарын хамгаалалтын систем, Панцир-Эс1 хамгаалалтын систем, Искандер-М пуужин харвагч зэрэг 100 гаруй цэргийн тоног төхөөрөмжийг олны өмнө харуулах юм.
Дэлхийн хоёрдугаар дайныг зөвхөн ОХУ ч биш дэлхий нийтээрээ тэмдэглэдэг юм. Түүхэнд тэмдэглэгдэж үлдсэнээр 1945 оны тавдугаар сарын 8-ны өдөр Төв Европын цагаар 22:43 минутанд ЗХУ-ын маршал Георгий Жуков Германы фельдмаршал Британийн агаарын хүчний маршал Артур Теддер нар Герман улс үг дуугүй бууж өгч байгаа баримтад гарын үсэг зуржээ. Харин энэ үед Москвад 0:43 минут болж байсан учраас тавдугаар сарын 9-ны өдрийг Ялалтын баяр болгон тэмдэглэж заншаад 66 дахь жил болж байна.
дайны ялалтад Монголын ард түмэн бололцооныхоо хирээр тусламж үзүүлж ирснээр ихээхэн нэр хүндийг олсон байдаг. Дайны эхний жилээс Зөвлөлтийн улаан армид таван удаа 11 цуваа галт тэргээр бэлэг явуулсан байна. Бас Монголын ард түмний хөрөнгөөр босгосон "Хувьсгалт Монгол" танкийн бригад, "Монгол ард" нисэх онгоцны эскадриль бэлэглэсэн нь ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
Мөн улаан армид 413 морь бэлэглэжээ. Монгол Улсаас бэлэглэсэн нийт эд зүйл 53.5 сая төгрөгт хүрчээ. Манай бэлгийн "Хувьсгалт Монгол" танкийн бригад нь Москвагаас Берлин хүртэл ялалтын дайчин замыг туулсан түүхтэй. Берлин хүрсэн танкийн нэг нь одоо Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөний цогцолборт байгаа. ЗХУ энэ дайнд 20 гаруй сая хүнээ алдаж Европийг чөлөөлсөн билээ.
0 Сэтгэгдэл: