[Powered By doke]

Шинжлэх ухааны хамгийн хачин туршилтууд

 
Байгалийн шинжлэх ухааны түүхэнд хачин гэж хэлж болохоор туршилтууд олон байдаг. Тэдгээрээс арвыг нь сонгон танилцуулъя. Сонголтод багтсан туршилтуудын нэг хэсэг нь ямар ч үр дүнгүй өнгөрч, харин нөгөө хэсэг нь шинжлэх ухааны шинэ салбарууд бий болгожээ. Бас олон жилийн өмнө эхэлсэн боловч өнөө хэр нь дуусаагүй байгаа туршилтууд ч бий.

Ньютоны харайлт
Исаак Ньютон /1643-1727 он/ багадаа сул дорой, өвчин ороосон хүү байжээ. Гадаа тоглохоороо тэрбээр үе тэнгийнхнээсээ үргэлж хоцордог байв.
1658 оны есдүгээр сарын 3-нд Английн хувьсгалч, богино хугацаанд ч гэсэн тус улсын бүрэн эрхт удирдагч байсан Оливер Кромвель нас нөгчжээ. Энэ өдөр Английг ер бусын хүчтэй салхи дайран өнгөрөхөд ард түмэн нь засгийн эрхийг хууль бусаар булаагчийн араас чөтгөр өөрөө нисч ирлээ гэж ярьж байлаа. Тэр үед Ньютоны аж төрж байсан Грэнтем гэдэг жижигхэн газар хүүхдүүд уртын харайлтын тэмцээн явуулжээ. Салхи сөрж харайхаас илүү хэн салхины дагуу хол харайхаа үзэхэд Исаак бүх өрсөлдөгчөө ардаа орхисон байна.

Хожим нь тэрбээр туршилт хийж, салхины дагуу болон салхи сөрж хэдэн фут /1 фут= 30,48 сантиметр/, бас салхигүй өдөр хэр хол харайж болохыг тэмдэглэжээ. Тийнхүү тэрбээр салхины хүчийг футээр илэрхийлж болох юм гэсэн ойлголттой болсон байна. Эдгээр үсрэлтийг өөрийн анхны туршилт гэж үздэгээ Исаак алдартай эрдэмтэн болсон хойноо ярьжээ.

Ньютон физикчийн хувьд алдартай ч, түүний анхны туршилтыг цаг уур судлалд хамааруулж болох ажээ.

Зам төмөр дээрх концерт
Эсрэг тохиолдол буюу цаг уур судлаач физикийн нэг таамналын үнэн зөв болохыг нотолсон туршилт хийсэн байна.
Австрийн физикч Христиан Доплер 1842 онд гэрлийн болон дуу авианы хэлбэлзлийн давтамж нь ажиглагчийн хувьд түүнээс эсвэл түүн рүү гэрэл эсвэл дуу авианы эх сурвалж хөдөлж байгаа эсэхээс хамааран өөрчлөгдөх ёстой гэсэн таамналыг дэвшүүлж, онолын хувьд үндэслэлтэй болгожээ.
1845 онд Холландын цаг уур судлаач Христофер Бейс-Баллот нь Доплерийн таамналыг шалгахаар шийджээ. Тэрбээр ачааны давцантай уурын галт тэрэг хөлсөлж, тавцан дээр хоёр бүрээчийг суулгаад, тэднийг соль нотыг барьж байхыг хүсчээ /хоёр бүрээчийн нэг нь нотоо татаж байх хооронд нөгөө нь агаар авах замаар дуу авиа тасрахгүй байх юм/. Утрехт болон Амстердамын хооронд орших нэг жижиг өртөөний зорчигчийн тавцан дээр цаг уурч хөгжмийн зэмсэггүй, гэхдээ хөгжмийн маш сайн сонсголтой хэдэн хөгжимчнийг гаргажээ. Ингэсний дараа уурын галт тэрэг бүрээчидтэй ачааны тавцныг янз бүрийн хурдтайгаар сонсогчидтой тавцны хажуугаар чирэн явж, харин сонсогчид ямар нот тоглож байгааг сонсчээ. Дараа нь ажиглагчид уурын галт тэргэн дээр явж, харин бүрээчид зорчигчдын тавцан дээр зогсоод тоглосон байна. Туршилт хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд Доплерын зөв болох нь нотлогджээ.

Дашрамд хэлэхэд, Бейс-Баллот Холландын цаг уурын албыг үүсгэн байгуулж, өөрийн нэрээр хууль гаргаж /дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст салхи руу нуруугаа харуулбал, бага даралтын орон таниас зүүн тийш байна/, Петербургийн шинжлэх ухааны академийн гадаад сурвалжлагч-гишүүн болсон байна.

Аяга цайнаас үүссэн шинжлэх ухаан
Биометрийг /биологийн туршилтуудын дүнг боловсруулах математикийн статистик/ үндэслэгчдийн нэг, Английн ургамал судлаач Роберт Фишер 1910-1914 онд Лондонгийн ойролцоох агробиологийн станцад ажилладаг байжээ.
Хамт ажиллагсад нь дан эрчүүд байсан бөгөөд нэгэн удаа замаг судлаач эмэгтэйг ажилд авсан байна. Түүний төлөө таван цагийн нийтийн өрөө гаргахаар шийджээ. Эхний удаа цай уух үеэр Английн хувьд мөнхийн сэдвээр буюу цай руу сүү хийх нь зөв үү эсвэл сүүн дээр цай хийх нь зөв үү хэмээн маргав. Зарим нэг нь адилхан хэмжээтэй бол амтанд ялгаа гарахгүй гэхэд, шинэ ажилтан эмэгтэй Мюриеэль Бристоль “буруу” хийсэн цайг /Английн язгууртнууд цайн дээр сүү хийхийг зөв гэж үздэг/ хялбархан ялгана гэж нотолжээ.
Хажуугийн өрөөнд орон тооны химичээ янз бүрийн аргаар нэлээд хэдэн аяга цай бэлтгүүлэхэд, Мюриэль хатагтай өөрийн нарийн мэдрэмжтэйг харуулсан байна. Үр дүн нь баттай байхын тулд туршилтыг хэдэн удаа давтаж болох талаар Фишер боджээ. Хэрвээ хоёрхон аяга байвал бэлтгэсэн аргыг таах нь цэвэр тохиолдлын байж болох юм. Хэрвээ гурав эсвэл дөрөв байвал тохиолдол бас л үүрэг гүйцэтгэнэ.

Энэ бүх бодлоос 1925 онд хэвлэсэн, “Эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан статистикийн аргууд” гэдэг гайхалтай ном төржээ. Фишерийн аргыг биологичид болон эмч нар өнөө ч ашиглаж байна.
Энд тэмдэглэхэд, цай уухад оролцсон хүмүүсийн нэгний дурссанаар Мюриэль Бристоль бүх аягтай цайг зөв таасан гэдэг.
Дашрамд хэлэхэд, Английн дээдсийн хүрээнийхэн сүүн дээр цай бус, цайн дээр сүү хийдгийн учир нь физикийн үзэгдэлтэй холбоотой ажээ. Язгууртнууд шаазан аяганаас цай уудаг байсан бөгөөд эхлээд аяганд хүйтэн сүү хийгээд дээр халуун цай хийвэл баларлаа л гэсэн үг. Жирийн англичууд цайг шаазан эсвэл цагаан тугалган, сэнжтэй аяганаас уудаг байжээ.

Гэрийн Маугли
1931 онд Америкийн биологич гэр бүл болох Уинтроп болон Люэлла Келлог нар ер бусын туршилт хийсэн байна. Чоно болон сармагчны дунд өссөн хүүхдүүдийн гунигтай хувь заяаны тухай нийтлэлийг уншаад биологичдод сармагчны моншийг хүний гэр бүлд хүмүүжүүлбэл яах бол, хүнтэй ойр адил болох болов уу гэсэн бодол төржээ. Эхлээд эрдэмтэд бяцхан хүү Доналдыгаа Суматра арал руу илгээж, орангутануудын байлгаж үзэх гэсэн боловч мөнгө нь хүрэлцээгүй байна. Харин Йелийн, хүнтэй төстэй сармагчныг судалдаг төв шимпанзегийн Гуа гэж дууддаг эм зулзагыг судлаачдад өгчээ. Тэгэхэд Монш долоон сартай, Доналд хүү 10 сартай байжээ.
Бараг 20 жилийн өмнө Оросын судлаач Надежда Ладыгина нэг орчим настай шимпанзег хүүхэд шиг гурван нас хүртэл нь өсгөн хүмүүжүүлэх гэсэн боловч сармагчныг хүн шиг болгох гэсэн туршилт нь бүтэлгүйтсэнийг Келлогийнхон мэдэж байжээ. Гэхдээ Ладыгина хүүхдийн оролцоогүйгээр туршилтаа явуулсан учир Келлогийнхон хүүгээ сармагчинтай цугт нь хүмүүжүүлэхээр амжилтад хүрнэ гэсэн найдлага тавьж байв. Үүний сацуу ой хүрч байгаа амьтныг дахин хүмүүжүүлнэ гэдэг бараг л оройтсон хэрэг болохыг үгүйсгэх аргагүй байлаа.
Гуа шинэ гэр бүлдээ дасч, Доналдтай адилхан хүмүүжих болжээ. Тэд бие биедээ таалагдаж, удалгүй салгахын аргагүй найзууд болсон байна. Туршилтын явцыг нэг бүрчлэн бичиж тэмдэглэж байлаа. Үнэртэй усны үнэр Доналдад таагдаж байхад, Гуад таалагдахгүй байв. Таазнаас утсаар дүүжилсэн жигнэмгийг савааны тусламжтайгаар яаж авахыг хэн нь түргэн сэтгэхийг туршжээ. Бас хүү, сармагчин хоёрын нүдийг боосны дараа нэрээ нь дуудахад, хаана дуу гарч байгааг хэн нь сайн мэдэхийг туршсан байна. Энэ хоёр шалгуурт Гуа ялжээ. Харин Доналдад харандаа, цаас өгөхөд, тэрбээр өөрөө ямар нэг юм зурж байхад, сармагчинд харандаагаар юу хийж болохыг заах хэрэгтэй болсон байна.
Сармагчныг зааж сургах замаар хүнд ойр болгох оролдлого удалгүй бүтэлгүйтжээ. Гуа үргэлж хоёр хөл дээрээ явж, халбагаар хоол идэж, хүний хэл яриаг жаахан ч гэсэн ойлгодог болсон боловч таньдаг хүмүүс нь өөр хувцас өмсөөд ирэхээр танихгүй, “аав” гэдэг ганц үгийг хэлүүлж чадаагүйн дээр тэр хүүхдийн тоглодог жирийн тоглоомоор тоглож ч сураагүй байна.
Дональд хүү ой долоон сартай болохдоо ойр зуур ярьж чадахгүй, мэддэг ердөө гуравхан үгтэй байсан учир туршилтыг зогсоохоос өөр аргагүй болжээ. Тэгээд бас хүү юм идмээр байгаагаа сармагчин шиг илэрхийлдэг болсон нь эцэг, эхийнх нь айдсыг төрүүлсэн байна. Хүүгээ аажмаар дөрвөн хөллөж явдаг болж, хүний хэл яриа сурахгүй нь гэж тэд үзээд, Гуаг судалгааны төв рүү буцаажээ.

Дальтоны нүд
Туршилт хийгчийн хүсэлтээр түүнийг үхсэний дараа хийсэн туршилтын тухай энд өгүүлнэ.
Английн эрдэмтэн Жон Дальтон /1766-1844 он/ физик, химийн салбарт олон нээлт хийсэн, тэрчлэн дальтонизм буюу өнгө ялгадаггүй харааны гажгийг анх тодорхойлсон хүн юм.
Дальтон өөрөө 1790 онд ургамал сонирхдог болсныхоо дараа ийм өвчтэйгөө анзаарчээ.Текстэд цагаан эсвэл шар цэцгийн тухай ярьж байвал төвөггүй ойлгодог бол, час улаан, улаан ягаан эсвэл хүрэн улаан гээд цэцгийг ялгаад ирэхлээр Дальтонд цэнхэр өнгөнөөс ялгаагүй юм шиг санагддаг байжээ. Номонд ургамлыг тодорхойлж бичихээр эрдэмтэн өөр хэн нэгнээс, энэ цэнхэр цэцэг үү, эсвэл ягаан цэцэг үү гэж асуух хэрэг цөөнгүй гардаг байв. Түүнийг ингэж асуухад хүмүүс хошигнож байна гэж боддог байжээ. Дальтоныг түүн шиг удамшлын гажигтай ах нь л ойлгодог байсан гэнэ.
Дальтон өөрийн харж буй өнгөө найз нөхөд, танилуудынхаа хараад хэлж буй өнгөтэй харьцуулаад, түүний нүдэнд ямар нэг цэнхэр өнгийн гэрлийн шүүлтүүр байна гэж үзжээ. Тэгээд өөрийн лаборантдаа үхсэнийх нь дараа нүдийг нь авч үзээд, нүднийх нь алимыг дүүргэсэн эд цэнхэрдүү өнгөтэй байгаа эсэхийг шалгаж үзэхийг захисан байна.
Лаборант эрдэмтний гэрээслэлийг биелүүлсэн боловч, түүний нүднээс онцгой зүйл олоогүй байна. Тиймээс Дальтоны харааны мэдрэлд гажиг байсан байх гэж лаборант таамаглажээ.
Дальтоны нүд Манчестерийн утга зохиол-гүн ухааны нийгэмлэгт спирттэй саванд хадгалаастай байсныг 1995 онд ген судлаачид торлогийнх нь ДНК-г судалжээ. Тэгээд нүднээс дальтонизм өвчний генийг л илрүүлсэн байна.
Хүний харах эрхтэн дээр хийсэн өөр хоёр хачин туршилтыг энд дурдахгүй байх болохгүй юм. Исаак Ньютон зааны яснаас нимгэн, махир зонд зүсч аваад, өөрийнхөө нүдэн дээр тавиад, нүднийхээ алим руу даржээ. Ингэхэд нүдэнд оч гялсхийж, өнгө өнгийн цагираг үүссэнийг агуу эрдэмтэн тайлбарлахдаа «гэрэл нүдний торлогт даралт үзүүлж байгаа учир бид эргэн тойрноо хардаг» гэсэн дүгнэлт хийсэн байна. 1928 онд зурагтыг анх санаачлагчдын нэг Английн зохион бүтээгч Жон Бэйрд хүний нүдийг дамжуулагч камер болгон ашиглахыг оролдсон нь амжилтгүй болжээ.

Дэлхий үнэхээр бөөрөнхий юу?
Энэ нь туршилтын шинжлэх ухаан огт биш газар зүйн туршилтын ховорхон жишээ юм. Английн алдартай биологич, Дарвины хамтран зүтгэгч Альфред Рассел Уоллес хуурамч шинжлэх ухаан болон аливаа төөрөгдөлтэй идэвхтэй тэмцэгч байжээ. 1870 оны нэгдүгээр сард Уоллес шинжлэх ухааны нэг сэтгүүлээс, Дэлхий бөөрөнхий хэлбэртэй гэдгийг нотолж, ухаант хүн бүрт төмөр зам, гол мөрөн, суваг шуудуу дугуй дотор хэрхэн оршиж байгааг ойлгомжтой хэлбэрээр харуулсан хүнд 500 фунт стерлинг өгнө гэсэн зарлал уншжээ. Дэлхийг хавтгай гэдгийг нотлон бичсэн номын зохиогч Жон Хэмден гэгч тийм санал тавьсан байна. Уоллес нотолгоо гаргахаар шийдэж, Дэлхий бөөрөнхий гэдгийг харуулахаар зургаан миль урттай сувгийн шулуун хэрчмийг сонгожээ. Хэрчмийн эхлэл болон төгсгөл дээр хоёр гүүр байв. Нэг гүүрэн дээр нь Уоллес тэгш хэвтээ 50 хуваагдах телескоп байрлуулжээ. Гүүр болгоноос гурван милийн зайтай орших сувгийн дунд тэрбээр хар цагариг өндөр шон босгожээ. Нөгөө гүүрэн дээр хөндлөн хар зураастай самбар тавьжээ. Усан дээрх телескоп, хар цагариг, хар зураас хүртэлх өндөр яг адил байв.

Хэрвээ Дэлхий /мөн суваг дахь ус/ хавтгай бол хар зураас болон хар цагариг телескопын дуран хараатай давхцах ёстой Хэрвээ усны гадаргуу гүдгэр бол Дэлхий бас гүдгэр, хар цагариг зураасаас өндөр байх ёстой. Үүнийг зургаас харж болно.

Гэхдээ Хэмден телескопоо ч харахаас татгалзаж, өөрийн оронд нарийн бичгээ илгээсэн байна. Харин нарийн бичиг нь цугласан олонд хоёр тэмдэглэгээ нэг түвшинд байгааг нотлон хэлжээ. Хэрвээ зарим нэг ялгаа ажиглагдаж байгаа бол энэ телескопын нөлөөтэй холбоотой. Олон жил үргэлжилсэн шүүх ажиллагааны дараа Хэмденээр 500 фунт төлүүлж чадсан боловч Уоллес шүүх ажиллагааны явцад үүнээс үлэмж их зарлага гаргасан байна.

Хамгийн удаан үргэлжилсэн хоёр туршилт Дэлхий дээр хамгийн удаан үргэлжилсэн туршилт 130 жилийн өмнө эхлээд хараахан дуусаагүй байна. Америкийн ботаникч У..Ж.Бил 1879 онд газарт хамгийн түгээмэл байдаг зэрлэг ургамлын үртэй 20 лонхыг газарт булжээ. Тэр цагаас хойш үе үе буюу эхлээд таван жил тутам, дараа нь 10 жил, хожим нь 20 жил тутамд эрдэмтэд нэг лонхыг гаргаж ирж, үр соёолж байгаа эсэхийг шалгаж байна. Зарим онцгой тэсвэртэй зэрлэг ургамал өдгөө ч ургаж байгаа аж. Дараагийн лонхыг 2020 оны хавар гаргаж үзнэ.

Хамгийн олон жил үргэлжилсэн физикийн туршилтыг Австралийн Брисбен хотын их сургуульд профессор Томас Парнелл эхэлжээ. 1927 онд тэрбээр шилэн юүлүүрийг тулгуур дээр байрлуулаад, дотор нь хатуу давирхай хийжээ. Давирхай нь молекул шинж чанараар шингэнд тооцогддог боловч их зунгааралдсан аж. Дараа нь Парнелл давирхайг хайлуулж, юүлүүрийн цоргоор дуслуулах гэж юүлүүрийг халаажээ. 1938 онд давирхайн эхний дусал Парнеллын бэлтгэсэн лабораторийн шилэн аяганд дусав. Хоёр дахь нь 1947 онд дуусчээ. Профессор 1948 оны намар нас барж, юүлүүрийг түүний шавь нар үргэлжлүүлэн ажиглаж байна. Тэр цагаас хойш дусал 1954, 1962, 1970, 1979, 1988, 2000 онд дуусчээ. Сүүлийн 10 жилд дусал хоорондын зай удааширсан нь лабораторид агааржуулагч өөрчлөгдөж, хүйтэн болсонтой холбоотой аж. Сонирхолтой нь, дусал хэн нэгэн ажиглагчийг байхад нэг ч дусаагүй байна. Бүр 2000 онд юүлүүрийн дэргэд веб камер байрлуулсан боловч найм дахь дусал дусах мөчид камер гацсан байжээ. Энэ туршилт дуусах болоогүй байна. Тэгээд давирхай уснаас 100 сая дахин өтгөн учраас арга ч үгүй биз.

Био мандал-2 Энэ жагсаалтад орсон хамгийн өргөн цараатай туршилт. Дэлхийн био мандлын одоогийн загварыг хийхээр шийджээ.

1985 онд Америкийн 200 гаруй эрдэмтэн болон инженер Аризона муж улсын Сонора цөлд дэлхийн амьтан, ургамлын дээж бүхий асар том шилэн байгууламж барихаар нэгджээ. Нарны элчээс өөр зүйл нэвтрэхээргүй бин битүү байгууламж бариад, хоёр жилээр сайн дурын найман хүнээс бүрдсэн баг буюу “бионавт”-ууд суурьшиж байхаар төлөвлөсөн байна. Энэ туршилт био мандлын уялдаа холбоог судлахад тус дөхөм болж, бөглүү орчинд, жишээ нь, сансрын алсын нислэгийн үед хүн хэр удаан тэсэхийг шалгах ёстой байсан юм. Хүчилтөрөгчийг ургамлууд ялгаруулж, ус байгалийн эргэлт болон биологийн өөрийгөө цэвэрлэх үйл явцад бий болж, ургамал, амьтан хоол хүнс болно гэж тооцоолжээ.

Байгууламжийн дотоод талбайг /1,3 га/ гурван үндсэн хэсэгт хуваасан байна. Эхнийхэд Дэлхийн таван экосистем буюу халуун орны ой, далай тэнгис /давстай усан сан/, говь цөл, саванна /дундуур нь гол урссан/, намаг балчигт бүс нутгийг бий болгожээ. Энэ бүх хэсэгт зохих ургамал, амьтан судлаачдыг суурьшуулжээ. Хоёр дахь хэсэгт амьдрал тэтгэгч систем буюу хүнсний ургамал /139 төрөл/ тариалах, загас байх усан сан, урсгал усны биологийн цэвэрлэгээний хэсэг зэрэгт 0,25 га газар гаргасан байна. Эцэст нь, “бионавт”-уудын /хүн бүрт нэг хоолны газар болон зочны өрөөтэй 33 амметр талбай оногдоно/ амьдрах хэсэг орж байна. Нарны зай хураагуураар компьютер болон шөнийн гэрэлтүүлгийн эрчим хүчийг хангана.

1991 оны есдүгээр сарын сүүлээр найман хүнийг шилэн хүлэмжид оруулжээ. Төд удалгүй асуудал ундарч гарсан байна. Цаг агаар нь ер бусын үүлэрхэг, фотосинтез зохих хэмжээнээс муу явагдаж байв. Тэгээд бүр хөрсөнд нь хүчилтөрөгч хэрэглэдэг бактери үржиж, 16 сарын хугацаанд агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн 21 хувь байх ёстойгоос 14 хувь болж буурчээ. Тиймээс гаднаас баллоноор хүчилтөрөгч өгөх болов. Хүнсэнд хэрэглэх ургамлын ургац тооцоолж байснаас бага болж, “Био мандал-2”-ийн хүн ам байнга өлсөж, туршилтын хоёр жилийн хугацаанд жингийнхээ 13 хувийг алдсан байна. Тоос хүртээх шавьжнуудын 15-30 хувь нь устаж, хэн ч суурьшуулаагүй байхад жоом үржжээ. Турж эцсэн “бионавт”-ууд туршилтын хоёр жилийн хугацааг гүйцээсэн боловч туршилт бүхэлдээ амжилтгүй болсон байна. Энэ туршилт бидний амьд явах нөхцөлийг хангаж байдаг био мандал хичнээн нарийн бөгөөд эмзэг механизм болохыг дахин нотолжээ. Аварга том байгууламжийг одоо амьтан, ургамал дээр туршилт явуулахад ашиглаж байна.

Алмаазыг шатаасан нь Бидний үед өртөг өндөртэй, туршилтын асар том төхөөрөг шаардсан туршилт хийхэд гайхах хүн үгүй биз. Харин 250 жилийн өмнө ийм туршилт олны анхаарлыг ихэд татаж байсан учраас Францын агуу химич Антуан Лоран Лавуазьегийн гайхалтай туршилтыг харахаар маш олон хүн цуглажээ. Туршилтыг Луврын ойролцоох цэцэрлэгт явуулсан юм.

Лавуазье өндөр температурт янз бүрийн бодист ямар өөрчлөлт гарахыг судлахын тулд нарны гэрэл хуримтлуулах хоёр линзтэй аварга том төхөөрөг бүтээжээ. 130 сантиметр диаметртэй цуглуулагч линз бэлтгэх нь одоо ч хэцүү асуудал юм. Харин 1772 онд энэ нь бүр ч боломжгүй асуудал байв. Тэгэхдээ тэдгээрийг бүтээх гарц олдож, хотгор, дугуй хэлбэртэй шилийг нийлүүлж, дунд нь 130 литр спирт хийжээ. Ийм линзийн зузаан төвдөө 16 сантиметр байв. Нарны туяаг бүр илүү хуримтлуулахад тус болох хоёр дахь линз нь хоёр дахин бага хэмжээтэй бөгөөд түүнийг шилэн цутгамлыг сайжруулах боловсруулах энгийн аргаар бэлтгэжээ. Энэ хоёр линзийг тусгайлан бэлтгэсэн асар том тавцан дээр суурилуулсан байна. Туршилтад оролцогчид хамгаалалтын шил зүүсэн байжээ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх:

Энэ мэдээ танд таалагдаж байвал сэтгэгдэлээ бичээрэй.
Заавар: Та google-д бүртгэлгүй сэтгэгдэл бичиж болохгүй байвал Anonymous гэсэн сонголтыг сонгоод сэтгэгдэлээ бичих боломжтой шүү.

Өдөрт 1 дараарай...